Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 4 хүн тутмын 1 нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай амьдарч байна гэсэн судалгаа бий. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь ихэвчлэн залуучуудын дунд тархалт өндөр байдаг. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж болох ч хүмүүс амьд харилцааг орхигдуулж, нэг нэгэнтэйгээ нээлттэй чөлөөтэй харилцах нь багассан, өрсөлдөөн ихэссэн, амьдралын хэв маяг өөрчлөгдөн хөдөлгөөн багасаж, эсрэгээрээ чөлөөт цаг нэмэгдсэн, нийгэмд хүний үнэлэмж чухал бус зүйлүүдээр хэмжигдэж байгаатай холбоотой юм. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Уул уурхайн салбарт ажиллагчид уртын ээлжээр ажилладгаас үүдэж ажилтны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн амьдралд нөлөөлж байдаг учир байгууллагын зүгээс ажилтнуудын биеийн эрүүл мэндэд анхаархаас гадна сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд эхний ажил болгож байгууллагын нийт ажилчдын 70%-с түүврээр Стрессийн судалгааг авлаа. Судалгааны үр дүнд тулгуурлан ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн эрсдэлтэй зүйлсийг мэдэхээс гадна урьдчилан сэргийлэх арга замыг мөн ялгах боломжтой. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг ажилтан бол тухайн байгууллагын ажлын өндөр үр бүтээмжийн гол хөшүүрэг юм.